Мэдээлэл >>

 

Номын баярын тухай

Гишүүн Хулнаагийн ирүүлсэн мэйлнээс:

 

 

“Өчигдөр буюу 10 сарын 20-ны өдөр, эхний номын баяраа хийснээс хойш яг 1 жил 5 сарын дараа, бид хоёр дахь номынхоо баярыг амжилттай хийлээ. Интерном-номын их дэлгүүрт 12 цагаас 1 цагийн хооронд хийсэн ба нээлтийн баярын үеэр Шинэ Монгол Ахлах Сургуулийн (ШМАС) сурагчид баяр хүргэж хийл, дуу, морин хуур зэрэг урлагийн үзүүлбэрүүдийг сонирхуулсан. Мөн ШМАС-ийн болон МУИС-ийн оюутан хүүхдүүд номын тухай санал сэтгэгдлээ бидэнд ярив.

 

Мөн ШМАС-аас мэргэжлийн хөтлөгч урьж авчруулсан нь баярыг маань под хийтэл нь хөгжөөчихсөн шүү. Нээлтийн үг болон 10 жилийн оюутнуудаас авсан судалгааныхаа талаар Хулнаа уншиж, Лодой электроникийн салбар, инженерчлэл зэргийн тухай дэлгэрэнгүй ярьж, Амарзаяа багш ЭМОС клубынхээ талаар танилцуулж, ШМАС-ийнханд номын бэлгээ гардуулж өглөө. ШМАС-ийн монгол хэлний Эрдэнэсан багш бидэнд талархлын үг хэлсэн. Ямарч байсан тун дажгүй болоод өнгөрсөн.

 

Баярт зарим ТВ, сонингууд хүрэлцэн ирсэн бөгөөд өчигдөр орой ТВ5-ын мэдээгээр бидний номын тухай овоо сайхан үзүүлчихсэн.

Мөн ТВ9-ийн мэдээгээр өнөө орой гарна. Орой нь бид Үдшийн хэмнэл студи дээр очиж тэдний шинэ хийж буй Залуус нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгсөн. Энэ нь 7-8 минутын ярилцлага байх ба ирэх Мягмар гаригийн орой 20.00-20.40 ийн хооронд МҮТВ-ээр гарна....

Миний мэдсэнээр Өнөөдөр сонинд шинэ номын тухай өнгөтөөр гарсан байна лээ. Өдрийн сонин, Зууны мэдээ зэргүүд мэдээлэхээ амлачихсан байгаа.

 

“Сурвалжлагч” Хулнаа УБ-аас мэдээллээ. Гадаа 10 градус дулаан байна...”

 

 

       

 

 

 

Номын талаарх сэтгэгдэл

Ахмад сэхээтэн Олхнууд Л.Чойжил:

 

"Мэргэжлээ зөв сонгоход тань" номыг эх орныхоо ирээдүйн төлөө санаа нь зовж, сэтгэл тавьж яваа гадаадад (ихэнх нь Япон улсад) суралцдаг болон төгссөн хэсэг залуус бүтээжээ. Номоо бичихийн тулд ахлах ангийн сурагчид ямар мэргэжлийг хэрхэн сонирхож, сонгож байгаа, түүнд нь нөлөөлж буй хүчин зүйлс, тохиолддог бэрхшээл юу болохыг, ахлах ангийн нилээд олон сурагчдыг хамруулсан анкетын судалгаагаар илрүүлсэн байна. Судалгааныхаа дүгнэлтээс юуг, яаж бичвэл залуус, хүүхдэд өгөөжтэй болохыг тодорхойлжээ.

Сурагчдын олонх нь мэргэжлээ баттай сонгоогүй, сонгосон гэх нь зөвхөн дээд боловсролтой болж, нэр хүндтэй, их мөнгөтэй хүн болох гэснээс биш өөрийнхөө авъяас, онцлог, эх орныхоо хэрэгцээ, шинжлэх ухаан, техник технологийн дэлхий нийтийн хөгжил, хандлага зэргийг харгалзан үзээгүй,ойр орчны цөөн мэргэжлийг хагас дутуу мэдэхээс цаашгүй нь харагдсан байна.Энэ нь мэргэжлийн баримжаа олгох чухал ажил сургуулиудад хангалтгүй явагддаг, сурталчилгаа, мэдээлэл, зөвлөмж зөвлөгөө дутагдсантай холбоотой учраас энэхүү номоо бүтээж тус дэм болохыг зорьжээ.

Зохиогчид өгүүлэлдээ өөр өөрсдийнхөө мэргэжлийн өнөөгийн байдал хэтийн төлөв зэргийг ойлгомжтой сонирхолтой хэлбэрээр бичсэнээс гадна мэргэжлээ сонгосон,суралцаж эзэмшсэн,ажиллаж байгаагаа бичсэн нь хүүхэд залуучуудад биет үлгэр дуурайл болохоор байгаа нь сайшаалтай байна. Ялангуяа А.Амарбаярын бичсэн өгүүллүүд сонирхолтой, чухал бөгөөд цэвэр эрдэм судалгааны шинжтэй болжээ. Энэ бүтээл мэргэжлээ сонгох гэж байгаа үй олон хүүхэд залуучуудын ширээний ном болох учраас хүртээмжтэй олон хувь хэвлэж орон даяар түгээх хэрэгтэй юм. Ийм чухал сайн ном бүтээсэн ЭМОС клубын залуучууд, хэвлэсэн "Адмон" хэвлэх үйлдвэрт баяр хүргэж, цаашдын бүтээл туурвилд нь өндөр амжилт хүсье.

Сурагчдад мэргэжлийн баримжаа олгох ажил 1970-80-аад оны үед нилээд эрчимтэй явагдаж байснаа одоо чимээгүй болсон юм. Энэ чухал асуудлыг сэргээж байгаа залуучууддаа баярлаж байна. Сэтгэгдлээ үзэглэгч бивээр Сурган Хүмүүжүүлэх Ухааны Хүрээлэнд энэ ажлыг хариуцан судалж, сурагчид, сургууль багш нарт зориулсан ном зөвлөмж, өгүүлэл нилээдийг хэвлүүлж, яам, хороо зэрэг дээд газруудад асуудал тавьж шийдвэр гаргуулж байсны хувьд энэ чухал зүйл орхигдон, мартагдах шахсанд сэтгэл зовж явдаг нэгэн билээ.

 

Олхнууд Лхаживын Чойжил

 

БУЦАХ