|
Аяны бодол М.Тэмүүлэй Би өнөөдөр
Киотогоос Нагано аймгийн Мацумото хот уруу ганцаараа аялахаар өглөө эртхэн
гаран хурдны зам дээр автобусаа хүлээн зогслоо. Ийнхүү аялалд гарах болсонд
хэд хэдэн шалтгаан байлаа. Энэ зун
бакалаврын курсын маань сүүлийн зун. Англид залуучууд ахлах сургуулиа төгсөөд
шууд их сургуульд оролгүй нэг жил орчим өөр орон газруудаар аялан явж
амьдралын тухай, өөрийнхөө ирээдүйн тухай эргэцүүлэн бодож, тэгээд
сургуульдаа орох нь их байдаг гэж багшаасаа сонсож байсан. Японд ч гэсэн
ямарваа нэг шатны сургуулийг дуусгах үед бүгдээрээ заавал “шюүгакү рёкоо”
хийдэг. Шюүгакү рёкоо гэдэг нь эрдэм номыг биедээ хураасны аялал гэсэн
утгатай. Гэхдээ энэ нь ном үзчихлээ одоо хэд хоног амаръя гэсэн утгатай биш
юм. Танхимд үзсэн зүйлээ номын хүрээнээс тэлүүлэн бодитой эрдэм болгох зорилготой.
Хүүхдийг “жижиг том хүн” гэж ойлгодог байсан үед түүнийг “хүүхэд” гэж ялган
харснаараа хүүхдийг нээсэн хүн гэгддэг Жан Жак Руссо “Эмиль” хэмээх хүүхдийн
хүмүүжлийн тухай номондоо хүмүүжлийн
эцсийн шат болгон өөр орон нутгаар аялан явуулахыг зөвлөсөн байдаг. Миний
хувьд хэдий хорь шүргэж буй хүүхэд биш ч гэсэн өдөр тутмын хэвийн амьдралаас
холдон ирээдүйнхээ тухай бодохоор аялалд гарсан маань энэ. Мацумотог
сонгосон маань, энэ хотод дипломын ажлын минь сэдэвтэй холбоотой музей
байсанд оршино. Тэндээс номноос олохгүй “үнэр”-ийг мэдрэхийг хүссэн хэрэг.
Ажлын маань сэдэв гэвэл, “Японы орчин үежилт ба элит боловсрол”. Элит
боловсролыг судлаж байгаа гэдгийг сонсоод зарим хүн тэр чинь хэрэгтэй сэдэв
байна гэх нь бий. Мөн бүх хүн эрх тэгш ардчилсан нийгэмд элит мэлит гээд
тусгай сургалт явуулж болохгүй гээд л зад шүүмжлэх хүн бий. Гэхдээ жаахан
азнаарай. Би анги давхаргыг дэмждэг хүн биш, харин ч ардчиллыг анх Монголд
цэцэглэх гэж байсан үеэс нь халуунаар угтаж авсан хүн билээ. Хонхны Цогтсайхан
бол миний авга ах . Анх нууц бүлэглэл гээд явж байхад нь аав маань ч дүүгийнхээ
хийж буй зүйлийг дэмжин, шөнө орой гэртээ бидэнд ардчилалын тухай гал
халуунаар ярьдаг байсныг одоо ч санаж байна. Бид ардчилал, эрх
чөлөө, тэгш эрхийн тухай бодлоо наанатай цаанатай харах хэрэгтэй гэж бодож
байна. Дээр дурдсан Ж.Ж.Руссо орчин үеийн ардчиллын үзэл санааг гаргаж ирсэн
хүн гэгддэг билээ. Ардчиллын үзэл санааны эцэг түүний бичсэн хүүхдийн
хүмүүжлийн тухай “Эмиль” ном бол
энгийн айлын хүүхдийн хүмүүжлийн тухай ном биш юм. Хөрөнгө чинээтэй айлын
ирээдүйн залгамжийг яаж хүмүүжүүлэх вэ гэсэн ном. Мөн ардчилал эрх чөлөөний
эх орон гэгдэж буй Америкт элитээ бэлдэх нь маш чухал асуудал байдаг. Дэлхийг
удирдан авч явж байгаа их гүрний хувьд аргагүй бизээ. Харин элит гэж
нэрлэлгүй лидер гээд хэлчихэд бухимдаад байх хүн бага байдаг байх. Сэдвээсээ жаахан
холдчихлоо. Мацумото хотод Японы хуучин тогтолцооны үеийн ахлах сургуулийн
дурсгалын музей байдаг юм. Энэ нь одоогийн японы ахлах сургуулиас хол
зөрөөтөй сургууль билээ. Музейн танилцуулга дээрх тус сургуулийн
тодорхойлолтыг орчуулаад үзье. Мэйжи үед Япон нь орчин үеийн төр улсын биеийг олохын тулд барууны соёл
иргэншлийг нэн түргэн оруулах шаардлагатай байсан ба, тэрхүү судалгаа болон
боловсролын дээд шатны байгууллага болгон Эзэнт гүрний дээд сургуулийг(одоогийн Токио Их Сургууль орч.)байгуулсан. Их Сургуульд барууны соёлыг
ойлгохын тулд гадаад хэл дээр түшиглэсэн өндөр түвшний боловсрол голчлогдох
учир түүний бэлтгэл газар хэрэгтэй хэмээн Мэйжи 19(1886)онд дунд сургуулийн зарлиг гарган, дээд шатны дунд сургууль, сүүлээр
ахлах сургууль гэгдэх(хуучин
тогтолцооны)сургуулийг
байгуулсан. (товчлол)Сурагчид гадаад хэлийг сурахын хажуугаар
барууны гүн ухаан, уран зохиол, үзэл санааг эзэмшихээс гадна спортоор
хичээллэн, өөрт буй бололцоо болон ирээдүйн замаа олж нээхэд хамаг сэтгэлээ
зориулж байв. Энэ нь сурагчдын өөрсдийн гараар удирдан явуулж байсан дотуур
байрны амьдралд ч нөлөөлөн, дотуур байрны сурагчид өөрсдөө үг аяыг нь
зохиосон дотуур байрны дуу нь ахлах сургуулийн соёлын символ хэмээн нэрлэгдэх
нь хүртэл бий. Муухан хувцсан дээр урагдсан малгай тавьсан бүдүүлэгдүүхэн
байдал нь ахлах сургуулийн сурагчдын онцлог байсан ба, энэ нь гаднах үзэмж
төдийг чухалчлах өнгөн ертөнцийг дорд үзэн, дотоод сэтгэлийн бүрэн дүүрэн
байдлыг юунаас ч чухалчлах залуу хүний сэтгэлээс үүдэлтэй зүйл байлаа. ... Ишлэл урт болсон
ч гэсэн энэхүү сургуулийн тухай багахан ойлголт өгсөн байх гэж найднам. Ийм
ахлах сургууль нь нийтдээ улс, орон нутаг, хувийнх нийлээд 41 байсан байна.
Анх байгуулагдсан сургуулиуд нь 60-аад жил тасралтгүй сургалтаа явуулан японы
хөгжил цэцэглэлэнд хувь нэмрээ оруулсан олон лидерүүдийг бэлдээд, 2-р дайны
дараа үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Мацумото ахлах сургууль Аяны нөхрөө
болгохын тулд нэгэн ном сугавчлан гарсан билээ. Судалгааны ажлын нэг хэсэг
болгон тус сургуульд зааж байсан багш болон захирал нарын тухай олж уншихаар
ном хайж байгаад Нитобэ Иназогийн “Одоо өөрийн төлөө юу хийж чадах вэ” гэсэн
номыг номын сангаас олсон юм. И.Нитобэгийн тухай танилцуулна гэвэл бараг нэг
бүтээл болох ба саяхныг хүртэл хэрэглэж байсан таван мянгатын дэвсгэртэн дээр
түүний хөрөг байсан явдал түүнийг хэр зэрэг их хүмүүн байсныг илтгэнэ. Энэ
хүн тухайн үеийн 1-р ахлах сургуулийн захирлаар ажиллаж байсан ба ахлах
сургуулийн үзэл санаанд шинэ уур амьсгал оруулсан гэж үнэлэгддэг юм. Харин
энэ ном бол тун энгийн утга агуулгатай ба залуу хүн хэрхэн итгэл үнэмшилтэй
байж, түүнийгээ хэрэгжүүлэх вэ, өөрийгөө байнга төгөлдөржүүлээд явахын тулд
яах вэ гэх мэт амьдралын тухай түүний философи, туршлагыг өгүүлсэн ном билээ.
Киотогоос Нагано хүртэл дөрвөн цаг хагас(онгоцоор
бол Кансайгаас Буянт Ухаа хүрэх цаг)автобусаар явах
тул замдаа уншаад явлаа. Эхний бүлэгт “Би
ямар хүн болох вэ-сэтгэлдээ итгэл үнэмшил ба хүсэл
зорилго өвөрлөж явбал хүн хэзээд залуу байна” гэсэн дэд гарчиг өгөгджээ. Өөрт
нь давах ёстой уул байгаа хүн хэзээ ч хөгширдөггүй ба би хэдий хэрийн амжилт
гаргасан бэ гэж бодож эхлэх болсон үеэс хөгшрөлт эхэлдэг гэжээ.Үүнийг уншаад
нэгэн зүйл санаанд орлоо. Миний танил нэгэн япон эмэгтэй байдаг ба энэ жил
наян нэгтэй. Өөрийгөө Эмико эмээ гэж дуудахыг зөвшөөрдөггүй юм. Анхандаа ямар
хачин юм, Монголд бол ийм настай хүн өөрийгөө эмээ л гэж бодно шүү дээ гэж
гайхаж байлаа. Эмико сан одоо ч иргэдэд нээлттэй их сургуулийн дамжаа
хичээлүүдэд суудаг ба буддын гүн ухаанаас авахуулаад барууны эртний урлагийн
бүтээлүүдийн тухай сонирхлоороо
уншиж судалдаг билээ. Нэгэн удаа хамт гадуур явж байтал, бөгтийгээд цог
золбоо муутай болсон эмгэнийг хараад ийм хүнийг эмээ гэдэг юм шүү дээ гэж
санаандгүй байж байхад хэлсэн юм. Насаар өөртэй нь ойролцоо хүн харагдаж
билээ. Бас нэг сонирхол татах хэсэг байлаа. Хүн
сайн муу бүх зүйлийг мэдэх хэрэгтэй гэж ярих нь элбэг. Гэтэл энэ хүн тэжээл
болохгүй мэдлэгээр гэдсээ дүүргэх хэрэггүй гэсэн байх юм. Газар доорхыг шагайн
харвал тэнд хорхой шавьжны үүр, нохойн ялгадас байгааг харж мэдчихээд энэ нь
нийгмийн тухай сайхан мэдлэг байна гээд баярлаад байснаас мэдээгүй нь дээр. Хэрэггүй
мэдлэг нь хортой учир залуу хүн мэдэх гээд хэрэггүй гэжээ. Залуу хүнд хэрэг
болох бас нэгэн сургамж байна. Залуу хүн хүч энэргиэ гамнах хэрэгтэйг захисан
байх юм. Залуу байна, хүчтэй байна гээд наргиж цэнгэн, шөнөжин архи уух гэх
мэтээр авирлах нь бий. Харин энэ чинь чи байгалиас урьдчилан зээлээд авчихаж
байгаа өр учраас хөгширсөн хойноо өндөр хүүтэйгээр өрөө төлөх хэрэгтэй болно
гэж тайлбарлажээ. Надад энэ тайлбар өөр ямар ч цэцэрхсэн үгнээс хүлээж
авахаар үнэмшилтэй санагдлаа. Наганод хүрэхийн
өмнө, хүн итгэл үнэмшилтэй байгаад түүнийхээ төлөө тасралтгүй мэрийсэн үед
том амжилт гаргана гэсэн хэсэг хүртэл уншаад авлаа. Хийж буй зүйлээ дунд нь
таслах л юм бол өмнөх бүх мэрийлт чинь тэг болно, нэг өдөрт арван хүн шиг
ажиллах биш, арван жилд арван хүнтэй дүйцэх ажил хий гэжээ.Үүнийг уншаад
сүүлийн хэд хоногт орхиод эхэлсэн англи хэлээ өдөр бүр үзэхгүй бол
болохгүйнээ гэсэн түгшүүрийн дохио авлаа.
1 давхарт байрлах захирлын өрөө Орох хаалганы шат (Мацумото сургууль) Зорьсон музейдээ
өдрийн үлдсэн цагаа өнгөрөөлөө. Уншиж харах зүйл их байсан ч цаг хүрэхгүй
болчих гээд байсан тул сонирхолтой санагдсан зүйлсээ зургийн аппаратанд
буулгаж явлаа. Тэртээ мэйжи, тайшёо, шёова үеийн элит гэгдэх хүүхдүүдийн
амьдралыг илтгэсэн сонин зурагнууд үлджээ. Бараг бүх хүүхдүүд дотуур байранд
амьдардаг байсан ба дотуур байр нь хүмүүжлийн гол орон зай байсан юм. Ганцхан
амьгүй мэдлэгээр удирдагч хүнийг төрүүлж чадахгүй учраас боловсролын үйл явц
24 цагаар явагдаж байсан байна. Нэгэн зурган дээр
бүгд модны доор суучихсан багш бололтой хүн урд нь гарсан байх юм. Тайлбар
нь, гадаад хэлний яриа нь анги танхимд баригдаж суугаад эзэмшдэг зүйл биш юм
гэж бичжээ. Бас нэг зурагт хараа маань тогтлоо. Бүгд том заал маягийн газар
зэрэгцэн суужээ. Энэ сургуульд өглөө бүр 15 минут чимээгүй юу ч бодолгүй
бясалгал хийгээд тэгээд сэтгэлийн энергийг бий болгох дуугаа дуулаад
хичээлдээ ордог байжээ. Элит нь ч бай удирдагч нь бай ийнхүү нэрлэгдэх хүмүүс
нь зүгээр нэг мэдлэг ихтэй хүн эсвэл чинээлэг гарлын хүн (харин элит бэлдэж
байсан японы энэхүү сургуульд үнэхээр эрдэмтэй бол энгийн гарлын хүүхэд ч орж
байсан) биш юм. Эзэмших шаардагатай өндөр боловсролоос гадна, “би элит,
удирдагч хүн шүү” гэдгээ мэдэрч мэддэг байх хэрэгтэй байдаг. Энэ нь, би
бусдаас мундаг гээд бусдыг дорд үзэхэд биш, би эднийг нэгтгэж хувь заяаг нь
авч явах юм шүү гэсэн үүргийн сэтгэлгээтэй холбоотой ба үүний тулд өөрийн
итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй байдаг. Дээрх бясалгалын хором нь ийм зорилготой
зүйл байсан болов уу. Зурагнуудыг үзээд
явж байхад янз бүрийн “шуурга” гэсэн тайлбартай зурагнууд байна. Жишээ нь
“галын шуурга”, “бүжгийн шуурга” эсвэл зүгээр нэг “шуурга”. Энэ нь юу вэ
гэхээр, зүгээр нэг үймүүлээд галзуурлын байдалд орох явдал юм. Галын түүдэг
асаагаад тойрон хөөрч, галзуурах эсвэл голын эрэг дээр бүгд галзуурлын
байдалд орсон мэт бүжиглэх. Аль эсвэл шөнө бүгд унтаж байхад зарим хэсэг нь
үймүүлэн орж ирэн унтаж байгаа заримыгаа босгоод янз бүрээр шоглох гэх мэт.
Үүнийг уншаад та монголын пионерийн зусланд явагддаг байсан зүйлүүдтэй төстэй
байгааг ажигласан байхаа. Зургийн тайлбарт, залуу насны илүүдэн байгаа
энэргийг гаргаж сэтгэлээ угаахад тусалдаг байсан гэжээ. Элит болох хүүхэд
гэхээр зүгээр л нэг ном уншдаг, томоотой, охид сонирхдоггүй санваартан
маягийн хүн биш ажээ. Хөөрхөн охидуудтай хоол цай болон наргиж наадах
зурагнууд олон харагдана. Энд хүүхдүүд хичээл хийхдээ хийсэн шиг хийж бас
наргиж наадахдаа наадсан шиг нааддаг байжээ. Цааш явж байтал
багшийн даалгавар дээрх дараах өгүүлбэр нүдэнд туслаа. l Даалгаврыг хийсэн ч, хийхгүй байсан ч
болно. l Хоёроос дээш хүн хамтарч хийсэн
тохиолдолд нэрсээ хамтад нь бич. Удирдагч болох хүнийг шахаж шаардаггүй ажээ. Өөрийнх нь
ухамсарт үлдээдэг байна. Энд ирсэн нь сайн
хэрэг боллоо. Хэдэн судалгааны материал ч олов, мөн номон дээр уншаад сайн
толгойнд буухгүй байсан “шуурга” болон бас
бус юмны тухай ч ойлголоо. Хоноглох зочид
буудлаа хүн амьтнаас асуусаар нэг юм оллоо. Харин шөнө жорлонгийнх нь ус
хоржигнож гоожоод унтуулсангүй. Уул нь бол бодсон санаснаа шууд хэлээд
байдаггүй хүн мөртлөө, номын агуулга эд нар нөлөөлсөн үү, өглөө зочид
буудлаас гарахдаа буудлын хүнд хэлээд авав. Надаас уучлалт хүсэхэд нь, би
зүгээрээ дараагийн үйлчлүүлэгч бас унтаж чадахгүй бол гэж бодоод хэллээ
гэлээ. Маргааш нь
Үцүкүшигахара (Үзэсгэлэнт
тал) гэдэг
далайн төвшнөөс хоёр мянган метрийн өндөрт байдаг уул уруу гарав.Энэ зун
монголдоо хариагүй ч сайхан байгальд эндээ ч болов гараад авъя гэж бодсон билээ.
Нэгэн жаахан өндөрлөгт гарах гээд ганцаараа бараг хүнгүй шахуу газраар цаг
гаруй явлаа. Ийм хүнгүй бас зам нь бараг засагдаагүй (Монголынхоор бол гайгүй
заслагатай) аяллын маршрутыг анх удаа үзлээ.
Каичи бага сургууль Энэ өдрөө харих
байсан боловч бас нэг газраар орох бодолтой байлаа. Энэ бол дээрх элит бэлдэх
сургуулиас хэдэн жилийн өмнө (1873он) баригдсан японы
хамгийн анхны орчин үеийн бага сургуулийн нэг - одоо бол түүхийн дурсгалт
музей юм. Янз бүрийн сийлбэр болсон чамин хийцтэй, доторх анги танхим саруул
элит бэлдэх сургуулиас ч тансаг сайхан сургууль байлаа. Хамгийн гайхалтай нь
энэ сургуулийн барилга болон үйл ажиллагааны 70 хувь нь хотын оршин суугчдын
хандивийн мөнгөөр бүрджээ. Мэйжигийн эхэн үед төрөөс сургуулийн боловсрол
эзэмшихийг татвар төлөх, цэргийн алба хаахтай хамтад нь заавал биелүүлэх
иргэний үүргийн нэг болгосон хирнээ, боловсрол олох нь таны аж амьдралд
хэрэгтэй зүйл учир өөрөө бүх зардлыг гарга гэж байсан юм. Хамгийн өндөр
хандив оруулсан хүн 22 иэн гаргажээ. Тэр үеийн хамгийн өндөр сарын цалин 20
иэн байсан гэнэ. Энэ бүхнийг хараад япон монгол хүний ялгаа харагдах шиг
боллоо. Яг ийшээ гарахын өмнө, интернет дээр монголд хөдөөнөөс гол хот суурин
газар уруу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдаж байгаагаас болж 48-р
сургуульд л гэхэд ноднин 900 гаруй хүүхэд сурах багтаамжтай байхад 3000 орчим
хүүхэд сурлаа гэж бичсэн байсан ба мөн өөр нэг газар боловсролын сайд Цагаанаас
авсан ярилцлаганд энэ жил сурах бичгийн төрөл тоо олширсонд авч дийлэхгүй байхад
гэж бухимдах эцэг эхүүд байсан гэнэ. Юун шинэ сургууль баръя гээд хандив
цуглуулах, өөрийнхөө хүүхдийн боловсролд ч өөрөө хариуцлага хүлээх дургүй
байна. Гэтэл японы тэр үеийн тариачид биднээс илүү мөнгөтэй байсан гэж бодогдохгүй
л юм. Энэхүү сургуулийг
барьсан хүн өөрөөсөө зардал мөнгөө гарган Токио орон Токио Их Сургуулийн
барилга, Токио анагаах ухааны сургуулийн барилгыг судлан үзэж байгаад
барьжээ. Тэрээр мужаан хүн байсан байна. Олон нийтийн сэтгэлээр босгогдох
сургуулийг тэрээр бас сэтгэл гарган барьж энэ нь хожим үнэлж барахгүй соёлын
үнэт зүйл болсон байна.
Каичи сургуулийг барьсан хүн Энэ хоёр зуу
гаруйнхан хүн амтай жижиг хотод хүмүүс дээрх хоёр сургуулийн музейг үзэхээр
японы бусад хотуудаас хүмүүс ирдэг ажээ. Үзэсгэлэнт уулан дээр би 4,5 хүнтэй
л тааралдсан бол сургуулийн мүзейд түүнээс олон хүнтэй таарлаа. Дээр дурьдсан
хотшилтын үзэгдлийг би маш дэмждэг. Мэдээж хотод хөдөөгөөс орж ирсэн хүмүүс
хөлөө ололгүй, ядуурал нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ тэд хэдэн жилийн дараа
хөлөө олж ирнэ гэж бодож байна. Талийгаач ах Цогтсайханы маань “Тарчлаан”
гэдэг нийтлэл яг энэхүү асуудлыг хөндөн гаргаж ирсэн нийтлэл байдаг. Ах маань
“Хүн амын төвлөрлөөс соёл иргэншил үүсдэг. Хүн амын задралаас зэрлэг харанхуй
үүсдэг” гэж бичсэн байдаг ба энэ их хүн амтай японд ирээд үүнийг үнэхээр
мэдэрч байна. Олноороо байгаа хүмүүс нэгдэж ажиллаж амьдрах хэрэгтэй болдог.
Таарахгүй бол нүүгээд явчихна биш таарч зохицохын төлөө чармайна. Олон хүний
хүч байгаа болохоор том том ажлуудыг нугалж чадна. Өрсөлдөөн их болохоор хүн
хөгжиж дэвжихийн тулд байнга мэрийнэ. Харин хэрэгтэй үйлчилгээ, барааг сэдэж
олмогц шууд л баяжина. Тэр нь үнэтэй бараа, үйлчилгээ биш ч байсан олон хүн
нэг нэг удаа худалдан авахад ихээхэн ашиг олно. Малчид маань хот
уруу ороод ирэхээр нүүдлийн соёл иргэншил алга болно гэдэг. Иргэншил гэдэг
бол бусад соёлын хүмүүс ч тэмүүлдэг зүйлийг хэлдэг. Харин нүүдэлчин болж
хөгжлөө ухруулах юмсан гэж боддог нэг ч орны хүн байхгүй байх. Харин соёл гэж
юу вэ? Янз бүрийн л тодорхойлолт байх байх. Энд нэгэн хүний хэлсэн санааг
оруулмаар байна. Соёл бол аж амьдралд хэрэглэглэж буй хэрэг болж буй зүйлс
юм. Тийм биш бол мүзейн үзмэр л юм гэсэн байдаг. Энэ хотод ирээд иймэрхүү
зүйлсийг бодож явлаа. Харих урт замдаа
нөгөө номоо үргэлжлүүлэн уншлаа. Ном үзэж байгаа надад тун хэрэг болох
зөвөлгөө тааралдлаа. Зохиолч өөрөө Хөдөө Аж Ахуйн Сургуулийн оюутан байхдаа
номын сангийнхаа бараг бүх номыг учир зүггүй уншаад дуусгасан гэнэ. Ингэж
замбараагүй уншсанаар гурван уршигтай зүйл болсон гээд, нэгд нүдээ маш муутгасан
гэнэ (Бараг
хараагүй болно гэж эмч нар хэлж байсан тухай өөр ном дээрээс уншиж билээ). Хоёрт, ялгаж
салгалгүй уншсан учраас, тархинд замбараагүй эргэлдэн, гуравт нэг зүйлийн
тухай янз бүрийн тайлбарыг бүгдийг үзчихсэн болохоор өөрийн гэсэн үзэлгүй болсон.
Өөрөөр хэлбэл нэг хүний тайлбарыг харсан үед эсрэг бас ийм тайлбар байдаг
гээд, муугаар хэлбэл өөрийн үзэлгүй болсон явдал. Харин сайн тал нь, ямар ч
номыг маш хурдан уншиж сурсан гэжээ. Хэрэв системтэй ном уншья гэвэл, судлах
гэж байгаа чиглэлийнхээ тухай бичигдсэн хамгийн сайн номыг эхнээс нь аваад
сүүлийн хэвлэгдсэн он, хэвлэлийн компани хүртэл нь нягт нямбай унш. Дараа нь
тэр номондоо нөхөлт, тайлбар болох бусад номнуудыг унш хэмээн зөвөлжээ. Хоёр хоногийн
аялал маань оюутан надаас их зардал мөнгө шаардсан ч сэтгэлд үлдэхээр
өгөөжтэй аялал боллоо гэж бодсоор харилаа.
Киото хот 2005 оны 8 сарын 30 |