|
Далай ламын сургаал Николас Врийланд, “Нээлттэй
зүрх” номноос орчуулсан Ц.Хулан Эерэг оюуны хандлага Аливаа хүн аз жаргал, сайн сайхныг
эрэлхийлж, зовлон зүдгүүрээс ангид явахыг хүсдэг нь хүний төрөлх чанар мөн
билээ. Ийм ч учраас хүний амьдралын зорилго нь энэхүү аз жаргалыг олж авах ч
гэж хэлж болно. Хүн бүрт өөрийн дотоод амар амгаланг бий болгох адилхан
чадвар байдаг бөгөөд энэ чадвараараа амьдралын аз жаргал, баяр баясгаланг олж
авч чадна хэмээн би итгэдэг. Бид баян уу ядуу юу,
боловсролтой юу боловсролгүй юу, хар арьстан уу цагаан арьстан уу гэдгээс үл
хамааран бидэнд аз жаргалаа өөрөө бий болгох чадвар бий. Өөрөөр хэлбэл хүмүүн
төрөлхтөн бид оюун ухааны хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч ав адилхан юм. Давтан хэлэхэд, бидэнд
бүгдэд маань санаа сэтгэлийн зовиураа ялж, өөрийн дотоод хүч чадал, амар
амгаланг авчрах эрч хүч заяасан байдаг. Ийм учраас өөрийнхөө энэхүү хүч
чадлыг ойлгон мэдэрч, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх нь хамгаас чухал билээ.
Заримдаа бид юмны сөрөг талыг олж хараад итгэл найдвар маань багасдаг. Энэ
бол нөгөө сэтгэлийн зовиур, сөрөг оюуны хандлага маань биднийг дийлээд байна
гэсэн үг юм. Хэрхэн аз жаргалд хүрэх
талаар та бүхэнд санал болгох ямар ч ид шид надад байхгүй гэдгийг хэлмээр
байна. Хэрвээ хэн нэгэн хүнд ийм ид шидийн хүч байх бөгөөс би ч гэсэн тэр
хүний тусламжийг гуймаар байна. Ний нуугүй хэлэхэд би ч гэсэн иймэрхүү ер
бусын далдын хүчинд үл итгэгч билээ. Гэхдээ уйгагүй хичээл зүтгэл, оролдлогын
хүчээр бид оюун санааны хандлагаа өөрчилж чадах бөгөөд энэ нь бидний
амьдралыг аз жаргалтай болгож өөрчилж чадна гэдгийг хэлмээр байна. Хэрвээ бид эерэг оюуны
хандлагатай байх юм бол бид ямар ч дайсагнал, өшөө хорсол дунд байлаа ч гэсэн
сэтгэл дотор маань амар амгалан байдал оршсоор л байх болно. Хэрвээ айдас
сэжиг, амиа бодох, өөрийгөө үзэн ядах гэх мэт сөрөг оюуны хандлагатай байвал,
сайн найз нөхдөөрөө хүрээлүүлж, тансаг тохилог орчинд байлаа ч гэсэн бид аз
жаргалыг мэдэрч чадахгүй л байх болов уу. Ийм учраас эерэг оюуны хандлага
юунаас ч илүү чухал бөгөөд энэ нь биднийг амьдралдаа аз жаргалыг олж хардаг
болоход туслах юм. Бусдыг
халамжлахуй Бидний бүх асуудал мөнгө
эсвэл материаллаг зүйлсээр шийдэгдэнэ гэж бодвол тэр буруу. Өөрөөр хэлбэл
сайн сайхан зүйл ердөө л гадны ямар нэг зүйлээс урган гарч ирнэ гэж найдах нь
бодит амьдралаас ихээхэн хөндий байгаагийн шинж. Мэдээж мөнгө төгрөг болон
материаллаг зүйлс амьдралд чухал боловч бидний дотоод хүч болон эерэг оюуны
хандлага адилхан чухал юм гэдгийг санаж явах хэрэгтэй. Энд би хүмүүний сайхан
чанар ба хүний үнэ цэний тухай дурьдмаар байна. Бид энэхүү үнэ цэнийг нэг нэгийгээ
халамжлах, хоорондоо хамтрах зэргээр улам өсгөн нэмэгдүүлж чадах юм. Түүнчлэн
бид бусдын эрхийг хүндэлж сурах хэрэгтэй бөгөөд түүгээрээ бид бидний ирээдүйн
аз жаргал, сайн сайхан маань нийгмийн бусад гишүүдээс нягт хамааралтай болохыг
илүү сайн ойлгодог болж байгаа билээ. Миний хувьд, би 16-тайдаа эрх
чөлөөгүй болж, 24-тэйдээ эх орноосоо хагацсан билээ. Сүүлийн 40 жилийн турш
өндөр их хариуцлагыг өвөрлөн дүрвэгчийн амьдралаар амьдарч явна. Өөрийхөө амьдралыг
эргэн харахад амьдрал маань тийм ч амар хялбар байсангүй. Гэхдээ энэ олон
жилийн туршид би бусдыг халамжлахуйг, мөн энэрэн нигүүлсэхүйг суралцсан билээ.
Оюуны иймэрхүү эерэг хандлага надад дотоод хүч чадал, итгэл үнэмшлийг авчраад
зогсохгүй амьдралыг маань зорилготой болгосон юм. Дахин давтан хэлэхэд, би та
бүхэнд хүн бүр адилхан гэдгийг хэлмээр байна. Та нарын зарим нь энэ хүн Далай
Лам юм чинь өөр байх гэж бодож магадгүй. Хэрвээ ийм бодол байх бол энэ нь огт
ор үндэсгүй зүйл гэдгийг хэлье. Би та бүхэнтэй л адил жирийн нэгэн хүн бөгөөд
бидэнд бүгдэд маань адилхан чадвар бий. Оюун ухааны өсөлтөнд заавал
ямар нэгэн шашны үзэл санаа хэрэггүй гэдэгт би итгэдэг. Бусдын төлөө байх, тэднийг
хайрлан халамжлах, мөн бусдын эрх ашгийг өөрийн эрх ашгаас өндөрт тавих гэх
мэт нь гол шашнуудын уламжлалт сургаал болсон зүйлс байдаг. Ихэнх шашнууд
баримталж буй үзэл онолоороо ялгаатай байдаг боловч хайр энэрэл, өршөөл
уучлал гэх мэт ерөнхий чиг хандлагаараа төстэй байдаг. Гэхдээ шашинд үл
итгэдэг хүн ч гэсэн хүний сайхан чанарыг үнэлж, тэдгээрийг дээдэлж явдаг нь
үнэн билээ. Бидний оршин байгаа нь олон
хүний ач тус, хамтын зүтгэлийн үр дүн болохоор бид ч бас тэдэнтэй зүй
зохистой хандлагыг бий болгохыг хичээх хэрэгтэй юм. Гэхдээ бид бодит амьдрал
дээр үүнийг мартах хандлагатай байдаг. Өнөөдөр даяарчлагдаж буй дэлхий
ертөнцөд маань улс орнуудаар тогтохгүй нэг тив ч нөгөөгөөсөө улам хамааралтай
болсоор байна. Өөрөөр хэлбэл бид өөр хоорондоо улам их хамааралтай болсоор
байна. Харааны өнцгөө
өргөсгөе Та бүхэнд нэгэн зүйлийн
тухай ярья. Юу гэхээр аливаа юмс үзэгдлийг (асуудлыг) алсын хараатайгаар
харж, олон талаас нь бодох тухай юм. Yүний тулд бид аливаа асуудлыг бүх
өнцгөөс нь харах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Бид ихэвчлэн ямар нэг
асуудалтай тулгарахаараа түүнийг өөрийн өнцгөөр л хардаг ба ингэснээрээ
тухайн асуудлыг өөр олон өнцгөөс харах боломжуудыг орхигдуулдаг. Ийм хандлага
нь голдуу сөрөг үр дүнд хүргэдэг. Аливаа асуудлыг илүү
өргөнөөр харж, улам сайн ойлгохыг хичээх болвоос энэ нь бидний гэр оронд
маань ч ихээхэн өөрчлөлтийг авчрах юм. Заримдаа ердөө л маш жижиг зүйлээс
болоод эхнэр, нөхөр хоёрын дунд эсвэл эцэг эхчүүд, хүүхдүүдийн хооронд
маргаан өрнөдөг. Хэрвээ чи асуудлыг ганцхан өөрийнхөө өнцгөөр хараад,
даруйхан шийдэлд хүрье гэвэл хэрүүл, маргаан хийх нь хамгийн хялбар арга
мөнөөс мөн билээ. Хэрвээ асуудалд илүү уужуу ухаанаар хандах юм бол бидэнд
тулгараад байгаа проблемыг ноцтой үр дүнд хүргэлгүй, харилцан ярилцаж
ойлголцож болох юм байна гэдгийг мэдэх болно. Ингэснээр бид гэр бүл, түүнчлэн
өөрийн амьдарч буй нийгэм дотроо ч гэсэн хүчирхийллийн бус найрсаг сайхан уур
амьсгалыг бүрдүүлэх боломжтой болох билээ. Өөртөө итгэх
итгэл ба бардам зан Өөртөө итгэх итгэл гэдэг
хамгаас чухал. Харин үүнийг яаж хөгжүүлэх вэ? Yүний тулд өөрийн оюун
санаандаа бүх хүмүүс адилхан бөгөөд бүгдэд нь ижил чадвар бий гэдгийг хатуу
ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ бид, “би үүнийг чадахгүй дээ”, “би амжилтанд
хүрэхгүй дээ” гэх мэт гутранги үзэлтэй байх аваас бид өөртөө итгэх итгэлийг
хөгжүүлж чадахгүй. Бусад хүмүүстэй өрсөлдөж чадахгүй гэдэг бодол бол уналтанд
хүргэх анхны алхам юм. Тийм болохоор хуулийн хүрээнд бусдад хор хүргэхгүй
хэмжээний өрсөлдөөн нь дэвжин дээшлэх зөв арга юм. Өөртөө итгэх итгэл чухал юм
гэдгийг ойлгохын хажуугаар бид их зан, бардам байдал болон өөртөө итгэх итгэл
үнэмшил хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Ийм болгохын тулд оюун ухаанаа дасгах хэрэгтэй.
Хувийн туршлагаасаа хэлэхэд “Би ер нь онцгой юм шиг байна шүү” гэх мэт
бардамнах сэтгэл надад төрдөг боловч би тэр үед нь өөртөө “Би эгэл жирийн хувраг
хүн бөгөөд харин хувраг байснаараа надад бурхны номд суралцаж оюун ухаанаа
гэгээрүүлэх сайхан боломж байна” гэж өөртөө хэлээд, өмнөө байгаа жижиг
хорхойг хараад “Энэ бяцхан хорхой өчүүхэн сул дорой амьтан бөгөөд үүнд юуны ч
тухай сэтгэн бодох чадвар байхгүй. Мөн бусдын төлөө байх өчүүхэн ч боломж
байхгүй. Харин надад ийм сайхан боломж байхад ингэж болчимгүй аашилдаг” гэж
өөрийгөө зэмлэдэг. Хэрвээ би ийм өнцгөөр асуудлыг харах юм бол энэ бяцхан
шавьж надаас илүү үнэнч, ариухан амьтан болж харагдана. Заримдаа би хэн нэгэн
хүнтэй уулзаад өөрийгөө тэр хүнээс илүү юм байна гэдэг бодол төрөхөд, би тэр
хүнээс ямар нэгэн сайн сайхан талыг олж харахыг хичээдэг. Жишээ нь тэр хүн
маань сайхан үстэй байж болно.Тэгэхээр би өөртөө “Би одоо аль хэдийнээ халзан
өвгөн болжээ. Хэрвээ энэ хүний үсийг минийхтэй харьцуулж үзвэл, энэ хүн
надаас хамаагүй илүү байна шүү дээ” хэмээн боддог. Сэтгэл хөдлөл Заримдаа бид бүхий л зүйлд итгэл
найдваргүй болж, ёс суртхуунаа алдаж, тэр бүү хэл юу ч хийх хүсэлгүй болдог. Хэрвээ
та иймэрхүү байдалд орвол, өөрийигөө амжилтанд хүргэх боломж бололцоонуудыг дахин
нэг сануулаад үзээрэй. Та өөрийн чинь оюун санаа таны
удирдлагаар хэрхэн хурдтай өөрчлөгдөх чадвартай гэдгийг мэдэрч, удахгүй эдгээр
сөрөг бодлуудаасаа бүрмөсөн салж чадах болно. Иймээс уйтгар гуниг, сэтгэлийн
шаналалд автах бүртээ тархин доторх бодлуудаа зогсоож, байдлыг сайжруулах
боломж бололцоонуудыг бодох хэрэгтэй. Хүний сэтгэл хөдлөл гэдэг
маш хүчтэй бөгөөд бид энэхүү сэтгэл хөдлөлдөө дийлдэж, улмаар өөрсдөдөө
ихээхэн хор хохиролыг учруулах үе байдаг. Ийм учраас хүчтэй сэтгэл хөдлөл
таныг бүрэн эзэмдэхээс сэргийлж, аль болох түүнийг хол байлгахад өөрийнхөө
оюун санааг дасгалжуулах хэрэгтэй. Жишээ нь бид хор шар, уур уцаар, үзэн
ядалтанд автагдах үед “Шарандаа би илүү их хүчтэй, шийдмэг, түргэн шуурхай
болж байна.” хэмээн боддог. Гэвч сайн тунгаагаад үзэх юм бол ингэж гарч ирсэн
хүч чадал удаан үргэлжлэхгүй нь тодорхой байдаг. Харин энэхүү сөрөг сэтгэл
хөдлөлөөр бий болсон энерги нь бидний нөхцөл байдалд бодитойгоор дүгнэлт өгөх
саруул ухааныг маань мохоож байдаг. Хэрэв хэн нэг хүн танд
шударга бусаар хандвал, юуны өмнө үүссэн нөхцөл байдлыг сайн тунгаан бодох
хэрэгтэй. Ингээд тэрхүү шударга бус хандлага танд ихээхэн хор хохирол
учруулахгүй хэмжээнд байна гэж үзвэл түүнийг дуугүйхэн хүлээгээд ав. Харин маш
их сөрөг үр дагавар авчрах тохиолдолд, түүнд тохирсон эсрэг алхмыг хэрэглэж
болох юм. Хамгийн гол нь таны шийдвэр уур хилэн дээр биш, нөхцөл байдалд
тохирсон ухаалаг дүгнэлтэн дээр үндэслэгдсэн байх ёстой гэдгийг санаарай. Тэвчээр Хөрш чинь танд үргэлж төвөг
учруулж, түүгээр ч барахгүй таныг үзэн яддаг гэж төсөөлье. Хэрвээ та өөрийгөө
хянаж чадалгүй түүнийг хариу үзэн ядаад эхлэх юм бол, таны ходоод муудаж, эрүүл
сайхан нойр чинь нойрны эм хэрэглэсэн хиймэл нойроор солигдох болно. Түүгээр
барахгүй та сүүлдээ нойрны эмнийхээ хэмжээг нэмэгдүүлж, энэ нь таны биеийг
хордуулаад зогсохгүй зан аашинд чинь хүртэл нөлөөлж, хуучны найз нөхөд чинь
танайд зочлон ирэхээ ч больж юуны магад. Мөн энэхүү сэтгэлийн таагүй байдал таны
цагаан үсний тоог олон болгож, нүүрний чинь үрчлээг нэмэгдүүлж яваандаа бусад
талаар ч таны эрүүл мэндийг муутгах нь дамжиггүй. Таны ингэж доройтохыг хараад
таны хөрш өөрөө ямар ч хохиролгүйгээр таныг ялсандаа үнэхээр сэтгэл нь ханаж
түүний хүсэл биелэх болно. Харин та хөршийнхөө энэхүү тааламжгүй
хандлагад анхнаасаа авталгүй урьдын адил баяр хөөртэй, тайван байвал та эрүүл
саруул байгаад зогсохгүй урьд өмнөхөөсөө ч илүү олон найз нөхөдтэй болж,
амжилт бүтээлээр дүүрэн гялалзах болно. Таны ингэж урьд өмнөхөөсөө ч илүү
гялалзаж байгааг хараад хөрш чинь сэтгэл зовж улам л таагүй болох вий. Энэ
бол таньд төвөг уддаг хөршдөө хариу барих хамгийн ухаалаг алхам мөн билээ. Yүнийг би тоглоом
шоглоомоор дурьдсангүй, учир нь надад иймэрхүү хувийн туршлага нэлээд бий.
Цөөн хэдэн азгүй тохиолдлыг эс тооцвол, би иймэрхүү нөхцөл байдалд тайван
хандаж чаддаг бөгөөд энэ нь ихээхэн ач тустай байдаг юм. Илүү тэвчээртэй
хүлээцтэй байх нь сул доройн шинж огт биш харин хүч чадалтайн шинж гэж бодох
хэрэгтэй. Хэрвээ та танд хор хүргэж, мууг
чинь үзэхийг хүссэн хувь хүн эсвэл бүлэг хүмүүстэй таарах юм бол, энэ боломжийг
өөрийн тэсвэр хатуужлыг хөгжүүлэх боломж хэмээн ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл
бидэнд тэсвэр хатуужил тун их хэрэгтэй бөгөөд энэ нь бидэнд ихээхэн ашиг тус
авчирдаг. Мөн өөрийн тэсвэр хатуужлыг хөгжүүлэх ганцхан боломж нь бид
дайсантайгаа тулгарах үед л тохиолддог гэдгийг санаарай. Ийм болохоор бидний
дайсан бол бидний багш, дасгалжуулагч минь билээ. Энэ утгаар нь авч үзвэл
тэдний бидэнд яаж хандаж буй гэдгээс огт хамааралгүйгээр дайснууд маань
бидэнд ихээхэн ашигтай, биднийг ивээгч болж хувирна. Ер нь амьдралд тохиолдож
буй хүнд үеүд бидэнд дотоод хүч чадлаа хөгжүүлж, илүү туршлагатай болох үнэ
цэнэтэй боломжуудыг олгодог. Орчин үеийн амар хялбар амьдралд дассан залуу
хүмүүс өчүүхэн жаахан бэрхшээлтэй тулгарахаар түүнийгээ маш хэцүүд тооцож,
орилж хашгирч эхэлдэг. Гэвч бидний өвөг дээдсийн тулгарч байсан зовлон
бэрхшээлтэй тулгарах нь та бүхэнд өөрт чинь ашигтай гэдгийг санаарай. |