Буцах

Teamwork-т юу хэрэгтэй вэ?

 

 

М.Тулгат

 

Хамт олон яаж ажиллавал амжилтанд хүрэх тухай өөрийн туршлага, бодлыг нэгтгэн emos сүлжээгээр бичиж байснаа сэргээж тавив (2004.09.02-ы мэйлээс).

 

 

СУДАЛГАА, ТӨЛӨВЛӨГӨӨ

Энэ бол хийж эхлэхийн өмнөх үе шат. Сайтар судлах, бэлдэх шаардлагатай гэдэг хэнд ч ойлгомжтой.

 

НИЙТЛЭГ ДҮР ЗУРАГ

Юу хийх гэж байгаа талаар бүгдээрээ нийтлэг төсөөлөл (vision), ойлголттой болох. Нэг нь онгоц, нөгөө нь машин төсөөлөөд байвал бүтэхгүй.

 

АЖЛЫН ХУВААРИЛАЛТ

Хэн хаана тохиромжтой вэ? Хэн хаана ажиллах сонирхолтой вэ? Жижиг том бүх таск хариуцах эзэнтэй байх.  

 

ЭЦЭСЦЭГ

Бүх ажилд эцэсцэг буюу deadline заавал тавигдсан байх

 

ТОДОРХОЙ БАЙДАЛ

Хүн болгонд тэр хүн өөрөө юу хийх, яаж оролцох нь тодорхой, ойлгомжтой байх хэрэгтэй.

 

АМАЛСНАА БИЕЛҮҮЛЭХ

Хүн бүр амалснаа заавал биелүүлдэг уур амьсгалыг эхнээс нь бүрдүүлэх. Энэ бол онцгой чухал нөхцөл, тиймгүй бол ажил нурна.

 

АЯНДАЧ САНААЧЛАГА

Багийн гишүүд тухайн ажлын утга учир, үнэ цэнийг сайтар мэдэрсэн байх. Ингэснээр өөриймсөг хандлага, бүтээлч санаачлага гарч ирдэг.

 

БАГИЙН УУР АМЬСГАЛ

Бие биеэ сайн мэдсэн, дотно нөхөрсөг уур амьсгал бүрдсэн байх нь чухал.

 

ЖИГД ОРОЛЦОО

Нэг хоёр хүн идэвхгүй, эсвэл хариуцлагагүй байх нь бусад хүмүүст муу дуурайл болж, нийтээрээ назгайрах үндэс болдог.

 

БИЕ ДААСАН АЖИЛЛАГАА

Гишүүд хариуцаж авсан хэсэг тус бүртээ бие даан шийдвэр гаргаж чаддаг байх.

 

ОНОВЧТОЙ COMMUNICATION

Ажил хэргийн үг хэллэгэн дээр буруу зөрүү ойлголцохгүй байх. Тухайн ажилд гарч ирэх ухагдахуун бүхэнд оновчтой нэршил тогтоож, нийтээр мэдэж байх.

 

ХУРД

Сунжирч цаг алдсанаар хүмүүсийн эрч хүч сулардаг. Чухал таск дээр бол нэг дор хүчтэй төвлөрч, хурдтайгаар амжуулах.

 

УДИРДАХ ХЭСГИЙН НОЁН НУРУУ
Ахлагч, зохицуулагч шийдвэрээ байн байн өөрчилж, итгэл алдахгүй байх. Чиг шугамаа олон дахин өөрчлөхгүй байх.

 

БАТ ЭРМЭЛЗЭЛ

Заавал дуусгана, заавал амжилтад хүрнэ гэсэн бат эрмэлзэлгүй бол эхний хэдэн бэрхшээлд сөхөрч унана.

 

ЭЦЭСТ НЬ ЛИДЕРТ ХАНДАЖ...

Лидер хүнд хамгийн хэрэгтэй зүйл юу вэ? Энэ асуултад хүмүүс янз бүрээр хариулдаг. Харин би “төсөөлөх чадвар” гэж хариулах байна. Дэлгүүр барих гэж байгаа бол тэр дэлгүүр хэдэн давхар, ямар дизайнтай, цонх нь ямар байх вэ гэх мэтийг нүдэндээ харагдтал төсөөлж чадах хэрэгтэй болно. Амьдрал дээр ихэнх төслүүд, зорилтот ажлууд дэлгүүр, байшин гэх мэт энгийн нүдэнд харагдах зүйл биш юм. Тийм тохиолдолд бүр хэцүү. Санхүүгийн асуудлыг яаж шийдэх вэ? Хүмүүсийг яаж хөдөлгөх вэ? Ямар зохион байгуулалттай байх вэ? Зорилго том бөгөөд, даваа саад өндөр байх тусам лидерээс төсөөлөх чадвар улам их шаардагдана. Тухайн ажлын талаар байнга бодож, бодож, бодож, худалч хүнд өдөрт 24 цаг бодож, унтаж байхдаа ч зүүдэлж .... гэх мэт. Ингэсээр эцэстээ маш тод, өнгөт дүр зураг санаанд тодорч, бүтэн цогц VISION-той болж чадвал ажил амжилтад хүрэх гол нөхцөл бүрдэх нь тэр. Одоо тэрхүү дүр зураг, мөрөөдөл зорилгоо багийн гишүүддээ байнга хэлж ярьж, адилхан дүр зураг, хийх эрмэлзэл бий болгохыг хичээж ажиллах л үлдлээ.

 

 

Буцах