Буцах

 

Доорх орчуулга нь Сэтгэл Судлал Өнөөдөр (Psychology Today) сэтгүүлийн 1997 оны 7/8 сарын дугаарт гарсан нийтлэл бөгөөд Михайл Чиксэнтмихайлын (Mihaly Csikszentmihaly) “Урсалтаа олох нь” (Finding flow: The Psychology of Engagement with Everyday Life) номоос хэсэглэн авсан юм байна. 

 

 

Орчуулсан А.Хулан

 

Урсалтаа (Flow) олох нь

 

Та өөрийгөө уулын уруу цанаар гулгаж байна гэж бод. Таны бүх анхаарал өөрийн биеийн хөдөлгөөн, цанын байрлал, чихний хажуугаар сум шунгинах шиг урсаж буй агаар, хажуугаар зэрвэс харагдаад өнгөрөх цаст модод зэрэгт төвлөрсөн байна. Элдэв болохгүй байгаа зүйл, зөрчил зэрэгт хандуулах анхаарал байхгүй болсон бөгөөд, анхаарал сарниулах бодол, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг нь таныг цасан дээр нүүрээрээ шурган унахад хүргэнэ гэдгийг та өөрөө ч мэдэж байгаа. Энэ гулгалт үнэхээр төгс, та үүрд ингээд гулгаад баймаар л санагдана.

 

Та цанаар гулгадаггүй байж болно, гэвч дээрхтэй ижил үйл явцдаа бүрэн дүүрэн автагдах мэдрэмж таныг дуу дуулж, бүжиглэж, хөзөр тоглож эсвэл сайн ном уншиж байхад ч мэдрэгдэж магадгүй. Та хэрвээ ажилдаа дуртай бол, хүндхэн операци хийж байх үед эсвэл ярвигтай бизнесийн наймааг харилцан ашигтай хийх үед ч мэдрэгдэж болох талтай. Хүмүүстэй харьцаж байх үед, сайн найзтайгаа ярилцаж байх үед, эсвэл нялх хүүхэдтэй тоглож байхад ч тохиолдож магадгүй. Иймэрхүү мөчүүд нь бидний өдөр тутмын нэг хэвийн амьдралтай харьцуулах хүч энерги дүүрэн амьдралыг гялавхийн харуулна.

 

Энэ шидэт мөчүүдийг би урсалт гэж томъёоллоо. Өөрсдийн амьдралын хамгийн сайхан мөчүүдэд мэдрэгдсэн дотроос хялбархан урсан гарах энерги, хөдөлгөөн, оюун ухааны харилцан зохилдлогоотой эвсэлийг олон хүн дурсан ярьдаг. Үүнийг урсалт гэж болох юм. Тамирчид, хөгжимчид, бусад урлагийн хүмүүс болон шашин шүтэгчид энэ мөчийг өөр өөрийнхөөрөө нэрлэдэг.

 

Амьдралын хамгийн сайхан үеүүдийг аз жаргалтай холбохоос илүүтэйгээр энэ урсалтын бүрэн мэдрэхүйтэй холбоотой гэж хэлж болно. Ая тух, амарсан бие, нарны дулаан илч, эсвэл дөлгөөхөн нөхөрлөлөөс бид аз жаргалын мэдрэмжийг авах боловч энэ нь гадны тааламжтай нөхцөлөөс шалтгаалах аз жаргал байна. Урсалтаас авах аз жаргал бол бидний өөрийн үйлдэл, хийж буй зүйлээс урган гарах ба бидний оюун ухааныг тэлж, хөгжүүлж өгдөг.

 

Урсалтыг хаанаас олох вэ

 

Урсалт гол төлөв хүн тодорхой арга замууд бүхий зорилгыг хөөх үед мэдрэгддэг. Шатар, теннис, покер гэх мэт тоглоомуудыг тоглож байх үед урсалтыг мэдрэх нь хялбар байдаг, яагаад гэвэл эдгээр нь тоглогчид юу, хэзээ хийхээ асуух шаардлагагүйгээр үргэлжлээд байх боломжтой тодорхой дүрэм, зорилготой. Тоглогч тоглоомын турш яах, юу хийх ёстой, ямархуу сонголтуудтайгаа мэдэж буй ертөнцөд амьдрана л гэсэн үг. Яг иймэрхүү тодорхой зорилгууд шашны ёслол үйлдэх, хөгжим тоглох, хивс нэхэх, компьютерийн программ бичих, ууланд авирах, операци хийх зэрэгт ч байдаг. Эдгээр урсалтат ажлууд (flow activities) хүнд тодорхой, ойлгомжтой зорилтуудад анхаарлаа төвлөрүүлж шатлал тус бүрд өөрийгөө дүгнэж цэгнээд явах боломжийг олгодгоороо ердийн амьдралаас ялгаатай юм.

 

Дөнгөж давахуйц саад тотгортой бүх авъяас чадвараа ашиглан тэмцэж байх үед урсалт мэдрэгддэг. Тийм ч учраас урсалт нь шинэ чадвар эзэмшиж, сорилтыг өндөрсгөх соронзон хүчин шиг ажилладаг. Сорилт хэтэрхий жижиг бол түүнийг өндөрсгөснөөр урсалтыг мэдэрч болно. Сорилт, бартаа хэтэрхий их бол шинэ чадвар эзэмшсэнээр урсалтыг мэдэрч болно.

 

Хүмүүс хэр зэрэг олон удаа урсалтын мэдрэмжтэй учирдаг вэ? Хэрэв та дундаж Америкчуудаас “Орчин тойрноо анзаарахаа больж, цаг хугацааг ч марттал автагддаг тийм зүйлийг та ер нь хийдэг үү?” гэж асуувал ойролцоогоог тэдний тавны нэг нь “өдөрт хэд хэдэн удаа”, ойролцоогоор 15 хувь нь “хэзээ ч тийм үе тохиолдоггүй” гэж хэлэх болно. Энэ давтамжууд ер нь хаана ч иймэрхүү л байдаг. Жишээлбэл, 6469 герман хүний дунд явуулсан саяхны судалгаагаар яг энэ асуултад 23 хувь нь “нилээн олон удаа”, 40 хувь нь “заримдаа”, 25 хувь нь “хааяа л”, 12 хувь нь “хэзээ ч тийм үе тохиолдоггүй” гэж хариулсан байна.

 

Урсалтыг судлах илүү нарийн арга бол 1970аад оны эхээр Чикагогийн Их Сургуульд би өөрөө боловсруулсан Мэдрэхүйн Түүврийн Арга (Experience Sampling Method) юм. Энэ аргаар бид хүний нэг өдөр, үйлдэл, мэдэрсэн сэтгэгдлүүдийг нэгэн төрлийн виртуаль хальс мэтээр мэдэж болдог. 1-2 цагийн давтамжтай санамсаргүй[1] ажиллах сэрүүлэгний тусламжтайгаар хүн хаана, хэнтэй, юу хийж, юу бодож байгаагаа тэмдэглээд өөрийн сэтгэгдлээ тусгайлан заасан тоосон дүнгээр илэрхийлнэ. Хэдэн жилийн турш бид энэ судалгааг хийж өөрсдийн Чикагогийн лабораторидоо одоогоор 2300 хүнээс авсан 70000 орчим хуудастай судалгааны материалтай болоод байна. Дэлхийн өнцөг буланд байгаа бусад судлаачид энэхүү тоог гурав нугалсан их материалтай болжээ.

 

Дээрх аргаар судалснаа дүгнэхэд урсалт нь хүн өөрийн үйлдэх дуртай зүйлийг хийж байхад мэдрэгддэг нь тогтоогдсон. Жишээлбэл үүнд цэцэрлэг арчлах, хөгжим сонсох, спортоор хичээллэх, сайхан хоол хийх, машин жолоодох, найзуудтайгаа ярих зэрэг зүйлс орж байна. Ажил дээр бол урсалт бодсоноос ч их тохиолддог нь сонирхолтой ололт байв. Харин зурагт үзэх, амарч байх гэх мэт “амрах” үйлдлүүдийн үед урсалт мэдэрсэн хүн маш цөөхөн байлаа.

 

Хүчин зүйлс нь бүрдвэл бараг ямар ч ажил, үйлс урсалтыг бий болгож чаддаг нь тогтоогдсон. Иймээс бид өөрсдийн өдөр тутамдаа урсалтын нөхцлүүдийг л бий болговол амьдралаа илүү сэтгэл ханамжтай болгож болох нь байна.

 

Урсалт ажил дээр

 

Насанд хүрсэн хүмүүс ажил дээрээ гол төлөв жирийн үеэсээ бага аз жаргалтай байдаг бөгөөд дур сонирхол нь ч (motivation) ердийн хэмжээнээсээ нилээн бага байдаг боловч дээрх судалгаагаар хүмүүсийн урсалтыг мэдрэх тохиолдолууд нь чөлөөт цаг гэхээсээ ажил дээр их байлаа. Энэ нь ч нэг их хачирхалтай нээлт биш юм. Учир нь бидний ажил бол тодорхой дүрмүүдтэй, зорилготой гэдгээрээ бусад хийдэг зүйлсээс илүүтэйгээр тоглоомтой төстэй.  Ажлаа сайн хийсэн, төлөвлөгөөндөө хүрсэн эсэх, хир зэрэг бараа зарав гэх мэт үнэлэлт дүгнэлт нь харьцангуй богино хугацаанд гардаг, эсвэл дарга үнэлгээ өгчихдөг гэх мэт үр дүн нь дороо мэдэгддэг тоглоомтой адилтгаж болно. Ажил хүний анхаарлыг төвлөрүүлдэг бөгөөд зөв ажлаа олсон хүнд бол хүний мэдлэг чадвар нь ажил дээрх сорилт, бэрхшээлүүдийг дөнгөж давахуйц байж таардаг байна.

 

Гэвч сонголт байдаг бол ихэнх хүн одооноосоо бага ажиллахыг эрмэлздэг. Үүний нэг шалтгаан нь ажил алба гэдэг зүйлд хандах түүхэн хандлага юм. Бид багаасаа л ажил гэдэг юм чинь нэг их хүсмээр зүйл биш гэсэн ойлголтыг томчуулаас сонсож ирдэг.

 

Тэглээ гээд бидний эрхэлдэг ажил утгагүй, уйтгартай эсвэл дарамттай гээд бид гэр бүл, энэ нийгэм эсвэл түүхэд бурууг тохоох аргагүй. Хэрэв хийж буй ажил маань ямар ч ашиггүй эсвэл үнэхээр хортой бол бидэнд хэдэн сонголт байна. Мөнгө төгрөгийн хувьд хэцүү байдалд орох ч гэсэн аль болох хурдан ажлаасаа гарах нь цорын ганц зөв зам ч байж магадгүй. Амьдралын утга учирын хувьд үзвэл материаллаг байдлаар хангах боловч сэтгэл санаагаар унагаадаг зүйл хийснээс хийхдээ сэтгэл хангалуун байдаг зүйл хийсэн нь ямагт дээр. Харин ийм шийдвэрийг гаргах нь маш хэцүү байдаг бөгөөд хүнээс өөрөө өөртөө шударга байх хүчийг шаарддаг.

 

Иймэрхүү том шийдвэрт хүрэхээс өмнө өөрийн ажлаасаа урсалтыг олж авах олон аргууд байна. Дэлгүүрийн худалдагч бол үйлчлүүлэгчдэдээ сэтгэлээсээ анхаарал тавих, эмч бол өвчтөнүүдийнхээ биеийн байдалд санаа тавих, сэтгүүлч бол мэдээлэл бэлтгэхдээ үнэн мөнийг чухалчлах зэрэг сэтгэлээсээ хандах хандлагууд нэгэн хэвийн ажлыг өөрчлөлт бүхий сонирхолтой ажил болгодог. Уйтгартай ажлыг бидний шинэлэг зүйл, амжилтанд хүрэх хэрэгцээнүүдийг хангадаг ажил болгох нь ажлынхаа алхам бүрд анхаарал тавьж дараах асуултуудыг асуухаас эхлэнэ: Энэ алхам, үйлдэл үнэхээр хэрэгтэй юу? Энэ зүйлийг илүү сайн, хурдан, оновчтойгоор хийж болох уу? Ямар нэмэлт алхамууд хийвэл миний оролцоог чухал болгох вэ? Товчлох, хурдан дуусгахын тулд их цаг, хүч үрж байхын оронд энэ цаг, энергиэ ажил дээрээ илүү их зүйлийг хийхэд хандуулбал та ажилдаа илүү ханамжтай байх ба магадгүй илүү амжилтанд хүрч ч магадгүй юм. Элдэв түргэвчилсэн санаа оноог хойш нь тавиад өөрөө өөртөө утга учиртай болгохоор шийдэж ажиллавал хамгийн уйтгартай ажил ч урсалтыг авчирч чадна.

 

Яг иймэрхүү хандлага ажил дээрх дарамтын асуудлыг шийдэхэд ч шаардагдана. Нэгдүгээрт, өөрийн бодолд хуралдаад байгаа ажил, шаардлагуудыг хир зэрэг чухал вэ гэдгээр ялга. Амжилтанд хүрсэн хүмүүс ихэнхдээ хийх ёстой ажлуудаа дараалуулан бичиж, тэндээсээ алийг нь мартаж, алийг нь хэнд даалгаж, алийг нь өөрөө, ямар дарааллаар хийхээ хурдан шийддэг дадалтай байна. Дараагийн алхам бол өөрийн мэдлэг чадвараа хийх ажлынхаа шаардлагуудтай харьцуулах юм. Зарим ажлыг хийхэд мэдлэг чадвар хүрэхгүй мэт санагдах нь бий. Тэгвэл хэрэгтэй зүйлсийг шаардагдах хугацаанд нь сурч чадах уу? Туслах хүн бий юу? Уг ажлыг дийлэхүйц жижиг хэсгүүдэд хуваах боломжтой юу? Ихэнх тохиолдолд эдгээр асуултуудын аль нэг нь шийдлийг олж, хэцүү, дарамттай нөхцөл байдлыг урсалт өгөх ажил болгон хувиргаж чадна.

 

Урсалт чөлөөт цагт

 

Ажил дээрх үетэй харьцуулахад, гэртээ ганцаараа ч юм уу, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж байхдаа хүмүүс ихэнхдээ тодорхой зорилгогүй байдаг. Хүмүүсийн түгээмэл ойлголтоор бол чөлөөт цагаа өнгөрүүлэхэд ямар ч мэдлэг чадвар шаардагдахгүй ба хэн ч үүнийг чадна. Гэвч туршлага өөрийг өгүүлж байна: Чөлөөт цагийг сэтгэл хангалуун өнгөөрөх нь ажлыг сэтгэл хангалуун өнгөрөөхөөс хэцүү. Бидний мэдрэлийн систем гадны цочролд хариулж сурсан боловч урт хугацааны бэрхшээл, цочролгүй үед дасан зохицох нь хараахан бүрэлдэж амжаагүй байна. Хүн өөрөө энэ цагийг яаж оновчтой өнгөрөөхөө сурахгүй л бол чөлөөт цаг их байлаа гээд хүний амьдралын чанар дээрддэггүй.

 

Бидний нийгэмд чөлөөт цагийг дараах гурван байдлаар өнгөрөөдөг: мэдээллийн хэрэгсэл хэрэглэх, хүнтэй ярих, эсвэл арай идэвхтэй буюу хөгжим сонсох, хобби хөөх, зоогийн газар хоол идэх, кино үзэх, спортоор хичээллэх, биеийн тамир хийх зэрэг юм. Эдгээр цаг өнгөрөөгч зүйлүүд нь урсалт өгөх чанараараа харилцан адилгүй. Жишээлбэл, Америкийн өсвөр насныхан зурагт үзэж өнгөрөөж байгаа үеийн 13 хувьд, хоббигоо хөөж байх үеийнхээ 34 хувьд, спорт болон бусад тоглоом тоглож байх үеийнхээ 44 хувьд урсалтыг мэдэрдэг байна. Гэсэн хэдий ч эдгээр хүүхдүүд зурагт үзэхэд хобби хөөх юмуу спортоор хичээллэхээс 4 дахин их цаг зарцуулдаг байв. Том хүнд ч гэсэн энэ харьцаа яг адилхан байлаа.

 

Яагаад бид урсалт мэдрүүлэх хувь нь бусад зүйлийнхээ бараг гуравны нэг байх зүйлд бусад зүйлээс 4 дахин их цаг зарцуулаад байна вэ? Урсалт мэдрүүлэх зүйлс болгон таашаал өгөхөөсөө өмнө хүнээс хэсэг хугацааны анхаарал төвлөрөлт шаарддаг. Хэт ядарчихсан, хямарсан үед, эсвэл ерөөсөө эхний саадыг давах хатуужил, сахилга бат байхгүй бол бага баясгадаг ч гэсэн хялбар олддог тэр л зүйлийг хийхэд хүрдэг байна.

 

Мэдээж амарна гэдэг муу юм биш л дээ. Хүн болгонд амарч, шар сонин уншиж, тэнгэр харж эсвэл зурагт ширтэж буйдан дээр тухлах цаг хэрэгтэй. Харин хэр зэрэг хэмжээгээр вэ гэдэг нь чухал юм. Герман улсад явагдсан томоохон хэмжээний судалгаагаар хүн ном их унших тусам төдий чинээгээр урсалтыг мэдэрдэг болох нь тогтоогджээ. Харин зурагт их үзэх тусам тэдий чинээгээр урсалтыг мэдрэх нь багасдаг байв.

 

Чөлөөт цагаа хамгийн аятайхнаар өнгөрүүлье гэвэл та уг цагтаа ажилдаа хандуулдагтай ижил хэмжээний анхаарал, шинийг эрэлхийлэх чанараа зориулах хэрэгтэй. Таныг хөгжүүлэхээр зүйлсийг хийж цагийг өнгөрөөх тийм ч хялбар биш ээ. Шинжлэх ухаан болон урлаг нь мэргэжил болохоос бүүр өмнө маш олон шинжлэх ухааны бүтээл, судалгаа, яруу найраг, уран зураг, хөгжмийн зохиолуудыг хүн чөлөөт цагаараа л бүтээдэг байв. Ардын уламжлалт урлаг болох дуу, хөгжим, сийлбэр, шаазан ваар, сүлжмэл нэхмэл зэрэг улс үндэстэн болгонд өөрийн гэсэн шинж чанарыг бүрдүүлж өгсөн зүйлүүд нь бүгд л жирийн ард иргэд чөлөөт цагаараа өөрсдийн авъяас чадвараа хөгжүүлэх явцад бүтсэн юм. Бид яруу найрагч, хөгжимчин, шинийг нээгч, хайгуулчин, эрдэмтэн болоход чөлөөтэй сэтгэх чадвар, хүч энергиэ л дайчлах шаардлагатай.

 

Урсалт нийгмийн харилцаанд

 

Бидний хийдэг бүхнээс урьдчилан таахад хамгийн хэцүү нь бусадтай харилцах юм. Нэг мөчид бид урсалт мэдэрч, дараагийн мөчид цөхрөл, айдас, тайвшрал эсвэл уйтгарт автана. Гэвч ямар ч байсан хүмүүс ганцаар байхдаа сэтгэлээр унадаг, бусадтай хамт байхдаа сэтгэл нь сэргэдэг болох нь олон тооны судалгаагаар тогтоогдсон. Бусадтай хамт байж, анхаарал төвлөрүүлсэн зүйл хийж байхдаа ужиг ядаргаа, цөхрөлд (chronic depression) орсон хүмүүс ч бусад хүмүүсээс ялгагдахааргүй сэтгэл санааны байдалтай байдаг. Харин ганцаараа, хийх зүйлгүй байвал л тэдний сэтгэл санаа тогтворгүй болж, сэтгэлээр унагасан зүйлс бодож эхэлдэг. Энэ нь арай бага хэмжээгээр боловч хүн болгонд байдаг үзэгдэл юм.

 

Учир нь гэвэл танихгүй хүн ч бай бусадтай харилцаж байх үед бидний анхаарал гадны тэрхүү хүчин зүйлээс болж тогтвортой болж эхэлдэг. Илүү дотно харьцааны үед бол гадны сорилт, биднээс шаардах чадвар маш өндөр болох үе бүр ч их бий. Тиймээс бусадтай харьцах харилцаа нь урсалт өгөх чадвартай юм. Харин ийм харьцаа нь биднээс оюунаа төвлөрүүлж, цэгцлэхийг шаардана. Амьдралын чанарт нөлөөлөх энэ хүчтэй нөлөөлөл нь хүнтэй нөхөрлөхөд оюун санаа, хүчээ зарцуулснаар бид амьдралаа өөрчлөх боломжтой гэдгийг санал болгож байгаа юм.

 

Амжилттай харилцааны үндэс бол харилцаж буй хүмүүс тухайн үеийн өөрсдийн нийцтэй (compatible) зорилгыг олж, бие биенийхээ уг зорилгод санаа тавих явдал байдаг. Хэрэв эдгээр нөхцөлүүд бүрэлдсэн бол сайхан харилцаанаас олж авах урсалтыг мэдрэх боломжтой. Жишээлбэл, эцэг эх байхын жаргалыг мэдэрье гэвэл хүүхдийнхээ юунд дуртай, юугаараа бахархдаг зэрэгт анхаарал тавьж, дараа нь тэр зүйлсийг хамтран хийх хэрэгтэй. Яг л энэ зарчим бусад бүхий л харилцааны үед үйлчилнэ. Сайхан харилцан яриа үүсгэхийн нууц бол харилцагч хүнийхээ зорилгыг мэдэх явдал байна: Тэр яг одоо юуг сонирхож байна? Тэр ойрдоо юунд анхаарлаа хандуулж, юу хийж байна вэ? Тэр ойрын үед юу хийж бүтээсэн эсвэл бүтээх гэж зүтгэж байгаа вэ? Хэрэв аль нэг асуулт нь яриа үүсгэх шинжтэй бол дараагийн алхам нь нөгөө хүнийхээ ярьж буй сэдэвтэй холбоотой өөрийн туршлага, мэдлэгийг солилцох юм. Харин энд сануулахад, та харилцан яриаг дангаар “эзэгнэж”, ганцаар ярих бус сэдвийг хамтран үргэлжлүүлж, хөгжүүлэх нь харилцааг таатай байлгана. Сайхан харилцан яриа гэдэг нь жаз хөгжмийн “жэм”-тэй төстэй: энгийн элементүүдээр эхлүүлээд, шинэлэг эргэлтүүдээр баяжуулж сонирхолтой шинэ хувилбар гаргана.

 

Бэрхшээлийг даван туулах нь

 

Хайр дутсан хүүхэд нас, дарамтлагч эцэг эх, үгээгүй ядуу амьдрал болон янз бүрийн бусад хүчин зүйлүүд хүнийг амьдралын өдөр тутмыг саарал өнгөөр будаж явдал бий. Гэвч маш олон хүн эдгээр бэрхшээлүүдийг амжилттайгаар даван туулсан жишээнүүдээс харвал амьдралын чанар гадны хүчин зүйлсээр тодорхойлогддог гэж хэлэхэд аргагүй бэрх болно. Хүний хэр зэрэг их стрессд орох нь түүнд юу тохиолдож байгаагаас илүүгээр тэр анхаарлаа хир зэрэг удирдаж чадахаас хамаардаг. Бие өвдөж шаналах, байдгаа алдаж хоосрох, биеэ тоогч эсвэл дээрэлхүү хүнтэй харьцах харьцаа зэрэг нь танд яаж нөлөөлөх нь та түүнд хэр зэрэг анхаарлаа хандуулж байгаагаас шалтгаална. Тиймэрхүү явдлуудыг хүчээр үл тоох, өөрөөсөө нуух, эсвэл буруугаар тайлбарлах зэрэг бол мэдээж зөв шийдэл биш. Учир нь үл тоомсорлосон тохиолдолд дээрх мэдээлэл ой ухаанд хоногшин үлдэж эзэндээ нөлөөлсөөр байдаг. Харин зовлон зүдүүрийг шууд эгцлэн харж, оршин байгааг нь хүлээн зөвшөөрч, харин түүний дараа өөрийн урдаа тавьсан зорилгодоо анхаарлаа чиглүүлж өөрийгөө завгүй болгох нь илүү дээр.

 

Анхаарлаа удирдаж сурахад бясалгал, ямар нэг спорт, аэробик эсвэл бие хамгаалах урлаг (martial arts) гэх мэт эрдэм, ур чадвар тус болно. Энд санах зүйл бол хичээллэж байхдаа уг хөдөлгөөн, үйлдлийнхээ сайхныг мэдрэх явдал бөгөөд үр дүн нь биш харин өөрийн анхаарлаа удирдаж сурч байгаа нь чухал гэдгийг анхаараарай.

 

Үүнээс гадна хийж буй ямар ч зүйлдээ анхаарлаа хандуулж сурах зуршилтай болох нь чухал юм. Урлагийн зүйл бүтээхийн дайтай анхаарал, сэтгэлээ хандуулснаар аяга тавгаа угаах, хувцасаа өмсөх, хогоо цэвэрлэх гэх мэт хамгийн ердийн үйлдлүүдийг ч тааламжтай болгож болно. Мөн өөрийн цаг зав, энергиэ хийх дургүй зүйлээсээ, эсвэл үр бүтээлгүй өнгөрөөдөг цагаасаа, дурладаг боловч хийхээс залхуурч, төвөгшөөдөг зүйлд, эсвэл хэзээ ч хийж үзээгүй зүйл рүү хандуулах хэрэгтэй. Энэ нь амархан санагдаж байж магадгүй ч үнэндээ маш олон хүн өдөр тутамдаа хийдэг ажил, үйлдлүүдийн алинаас нь таашаал авдагаа огт мэддэггүй. Өдрийн тэмдэглэл хөтлөх, эсвэл өнөөдрөө орой нь дүгнэн цэгнэх нь хүний сэтгэл санаанд нөлөөлөгч зүйлсийн цэгцтэй жагсаалтыг гаргах арга замууд гэж болно. Юу нь сэтгэхүйд таатайгаар нөлөөлж байгааг мэдсэний дараа тэдгээр үйлдлийг олшруулж, таагүйг нь багасгах янз бүрийн туршилтууд хийж эхлэх боломжтой.

 

Өөрийн амьдралд бүтээлч өөрчлөлт гаргахын тулд өөрийн орчин тойрноо ч өөрчлөөд үзэхэд гэмгүй. Амралтаа авах, салхинд гарах зэрэг нь бодлыг цэгцэлж, өөр өнцгөөс юмыг харах, шинэлэгээр сэтгэхэд тус болдог. Гэрийн эсвэл ажлын нөхцөл байдалдаа анхаарал хандуулж, хяналтдаа авах, илүүц юмсаа хаях, цэвэрлэж цэгцлэх, сэтгэлдээ тохируулж тавилгаа өөрчлөх зэрэг нь өөрийн амьдралаа өөрчлөх эхний алхам ч байж болох юм.

 

Амьдралын бүхий л бүрэлдэхүүнүүдтэй ижлээр цаг хугацааг ч гэсэн өөртөө хамгийн ая тухтайгаар зохицуулж, өөрийн биеийн ритмийг олох нь чухал. Хүн болгонд тохирдог нэг ижил цаг гэж байдаггүй. Өглөө эрт босох, үдээс хойш унтаж амрах, урьднаасаа өөр цагуудад хооллож үзэх гэх мэт янз бүрээр туршилт хийн өөртөө хамгийн тохиромжтой цагуудыг олоорой.

 

Хийх зүйл “толгойтой үснээс ихээс” шинэ сонин зүйл туршиж байх ямар ч завгүй гэдэг шалтгаанаар дээрх зөвлөгөөг өөрт нь хэрэггүй гэж бодох олон хүн гарч магадгүй. Үнэндээ, ихэнх тохиолдолд завгүй гэдэг маань өөрийн амьдралаа өөрөө жолоодохгүй байх шалтаг л болж байна. Түүхч Э.Томсоны хэлж байснаар Аж Үйлдвэрийн Хувьсгал (Industrial Revolution) ид өрнөж, ажилчид долоо хоногт 80 цагаас илүү ажилладаг байсан хамгийн дарамттай жилүүдэд ч зарим хүмүүс өөрт оногдсон жаахан цагаараа ном үзэж, эсвэл улс төр хөөн тэр үеийнхээ олонх хүмүүсийг даган баар, цэнгээний газруудаар явахаас татгалзаж байжээ. Тэдэнтэй ижлээр, бид ч гэсэн өөрт оногдсон жаахан цагаа гарынхаа салаагаар урсгаад байж болохгүй. Бидний ихэнх анхаарал, цаг завыг авдаг өдөр тутмыг нэгэн хэвийн үйлдлүүдийг эмхэлж цэгцлэн, хэр зэрэг чухал гэдгээр нь нь жагсаахад одоо жаахан цаг зав зарцуулчихвал бидний бодлыг үргэлж эзэгнэж байдаг хичнээн зүйлийг багасгаж болох бол оо? Байгаа цаг үедээ сайхан, өөртөө тааламжтайгаар амьдрахын тулд хүн цагаа зөв зохицуулж сурах хэрэгтэй.

 

Зорилгоо тодорхойлох

 

Урсалт бол анхаарал төвлөрүүлж, сонирхол төрүүлдэг оюуны энергийн эх ундрага юм. Бусад энергийн төрлийн нэгэн адилаар бүтээлчээр эсвэл устгах, эвдэх зорилгоор ашиглаж болно. Хулгай дээрмийн хэргээр баригддаг өсвөр насны хүүхдүүд ихэнхдээ айлд хулгайгаар орох эсвэл машин дээрэмдэхэд үүсдэг сэтгэлийн хөөрлийг амсах зорилгоор хэрэг хийсэн байдаг. Дайн тулаанд оролцож явсан ахмад дайчид эхний шугаманд машин бууны ардаас буудаж байхдаа л хамгийн хүчтэй урсалтыг мэдэрсэн гэдгээ ярьдаг. Тиймээс зөвхөн таашаал авахад зорихоос гадна дэлхий дээрх устгах, эвдэх явдлыг багасгахаар л зорилго сонгох хэрэгтэй юм.

 

Бусдын өмнөх хариуцлагаа биелүүлэнгээ таашаал ч авдаг тийм зорилгыг яаж олох вэ? Буддистууд бидэнд “Манай ертөнцийн ирээдүй чиний юу хийж байгаагаас л шалтгаална гэж бодож хөдөл. Гэхдээ чиний хийж буй зүйлс маш чухал гэж боддогтоо өөрийгөө шоолж (laugh at yourself) бай” гэж сургадаг. Энэ чамбай, буурьтай бөгөөд алиа, хөнгөн (playfulness) чанар ажилтай, хийх зүйлстэй мөртлөө сэтгэлийн зовлонгүй амьдрахад хэрэг болно. Эрдэмтдийн бага багаар хуримталж буй мэдлэгийг ашиглаж сайхан амьдралыг цогцлуулан босгох үндсийг ч нээж болох юм. Шинжлэх ухааны ололтууд хувь хүн болгон хичнээн хосгүй, онцлог болохыг бидэнд харуулж байгаа. Бие хүн зөвхөн генийн хосгүй нэгэн нэгдэл болохоос гадна түүний ертөнцөд ирэх цаг хугацаа, орон зай ч хүнд нөлөөлж улам онцлог болгож өгдөг байна. Тиймээс бид бүгд бүрэлдэн тогтож, ертөнцтөй харьцахаар ирсэн тэр л цаг мөч, орон зай дах өөрийн байрын өмнө хариуцлага хүлээж байгаа юм. Урсалтын бүрэн мэдрэмжийг аван ажиллаж чадаж байвал ертөнцийн ирээдүй рүү хүрэх гүүр тавьж байна гэсэн үг юм гэдгийг бодон бид өдөр тутмын ажил амьдралдаа анхааралаа төвлөрүүлж болно.

 

Буцах



[1] төлөвлөөгүй гэдгийг илтгэх статистик хэллэг. (орчуулагч)