ЯМОХ-ын дүрэм

Байгууллагын нэр

Түс холбооны нэр нь Япон дахь Монгол Оюутны Холбоо буюу товчоор ЯМОХ болно. 

Байгууллагын зорилго
1. Япон улс дахь Монгол оюутнууд хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж улмаар коммюнити үүсгэн бий болгох.
2. Япон улс дахь Монгол оюутнуудын дотоод хүчин чадлыг уудлан гаргаж, Япон Монгол хоёр ард түмний соёлын солилцоо, олон талт харилцааны хөгжилд хувь нэмэр оруулах.

Үйл ажиллагааны зарчим 
1. Төвийг сахих.
2. Монгол оюутнуудын бие даасан үйл ажиллагаа

Тайлбар
1. Япон улс дахь Монгол оюутан гэдгээр Япон улсад суралцаж буй Монгол улсын иргэнийг илэрхийлнэ. 
2. Монгол оюутнууд хоорондын коммюнити гэдгээр ЯМОХ-ын зохион байгуулах үйл ажиллагаагаар дамжин бий болох оюутан хоорондын холбоо ба түүнээс үүсвэрлэх төрөл бүрийн хамтын ажиллагаа, харилцааг нийтэд нь илэрхийлнэ. 
3. Япон дахь Монгол оюутны дотоод хүчин чадал гэж Япон хэлийг эзэмшсэн байдал, Япон улсын соёл уламжлалтай тодорхой хэмжээнд танилцсан байдал, Япон хүн болон Япон нийгмийг илүү ойлгож мэдэрдэг болсон байдал, хоёр улсын хооронд гүүр болж чадах болоцоотой байгаа байдлыг илэрхийлнэ.
4. Төвийг сахина гэдэг нь аливаа нэгэн байгууллага, хувь хүний эрх ашгийг илэрхийлэхгүй ба нийтлэг эрх ашгийг эрхэмлэнэ гэсэн утгатай болно. 

Дотоод дүрэм  


I. Байгууллагын гишүүд 
1. Япон улсад суралцаж буй Монгол улсын иргэн нь зарчмын хувьд ЯМОХ-ын гишүүн болох эрхтэй. 
2. ЯМОХ-ын гишүүний тангарагт гарын үсэг зурснаар гишүүн болно.
3. Сайн дурын үндсэн дээр ЯМОХ-оос гарч болно. Гарах өргөдөлөө тэргүүнд өгч гишүүдэд мэдэгдсэнээр гишүүний эрхгүй болно.
4. Байгууллагын зорилгыг хамтаар хүлээн зөвшөөрсөн итгэл бүхий оюутнууд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэн бүх гишүүдийн хурлыг бий болгоно. 
5. Бүх гишүүдийн хурлаар 1 жилийн хугацаатай ЯМОХ-ын тэргүүнийг сонгоно. Дахин сонгогдож болох боловч зөвхөн нэг удаагаар хязгаарлагдана.
6. Тэргүүн нь ЯМОХ-ын бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх ба Япон болон Монголын нийгэмд ЯМОХ-ыг төлөөлөх эрхтэй, мөн үүрэгтэй болно. 
7. Тэргүүн нь дэд тэргүүнийг томилно.
8. Дэд тэргүүн нь гишүүдийг холбох, маргааныг зохицуулах, үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянах, тэргүүний эзгүйд орлох эрхийг эдлэнэ.
9. ЯМОХ-ын зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд хариуцах хариуцлагатанг томилно. 
10. Үйл ажиллагааны хариуцлагатан нь хариуцсан ажлынхаа төлөвлөгөө, гүйцэтгэл, дууссаны дараах ажлыг хянаж зохион байгуулах үүрэгтэй. 
11. Хариуцлагатан нь зохион байгуулах үйл явцаа тэргүүн болон бусад гишүүддээ байнга мэдээлж хамтарч ажиллах ба шаардлагатай уед холбооны тэргүүний заавар зөвлөмжийг дагана. 
12. Ердийн гишүүдээс гадна хүндэт гишүүдтэй байж болно.

Тайлбар
1. Япон улсад суралцаж буй Монгол улсын иргэд ЯМОХ-ын гишүүн байх эрхтэй гэдэг нь гишүүн болох эрхтэй боловч яг гишүүний эрхийг бол эдлэхгүй гэдгийг илэрхийлнэ.
2. ЯМОХ-оос гарах санаагаа гишүүдэд мэдэгдэнэ гэдэг нь өргөдөлөө гишүүдийн мэдээлэл солилцооны мэйлийн листээр цацна гэсэн үг.
3. Итгэл бүхий оюутнууд гэдэг нь хоорондоо итгэлцэлтэй байдлыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл нэг нь нийтдээ итгэдэг, итгэлийг нь хүлээдэг, нийт нь нэгэндээ итгэдэг тогтолцоотой байхыг илэрхийлнэ.
4. Хүндэт гишүүд гэдэг нь сургуулиа төгсөж оюутан биш болсон боловч ЯМОХ-ын гишүүдтэй нягт хамтарч ажилладаг хүмүүсийг илэрхийлнэ. Зөвлөгөө өгч туршлагаасаа хуваалцна.

II. Шийдвэр гаргах тогтолцоо 

1. Аливаа гишүүн нь бүх гишүүдийн хуралд санал оруулах эрхтэй .
2. Ердийн үед бүх гишүүдийн хурлаар санал нэгдэж, тэргүүн баталсанаар эцсийн шийдвэр хүчин төгөлдөр болно.
3. Гарсан шийдвэрт бүх гишүүд хариуцлагатай хандах үүрэгтэй.
4. Ямарваа нэгэн хариуцлагын асуудал гарсан тохиолдолд гишүүд тэгш эрхтэйгээр хамтарч шийдвэрлэнэ.   Тайлбар. 
1. Санал гэдэг нь зарчмын хувьд ямар ч санал байж болох авч хувь хүн болон ямар нэгэн байгууллагын эрх ашгийг илэрхийлсэн байж болохгүй.
2. Гишүүдийн хурал дээр бүх гишүүдийн 2/3 нь санал нэгдсэн тохиолдолд санал нэгдсэн гэж тооцно.

III.Бусад байгууллага хувь хүнтэй хамтарч ажиллах талаар 
1. Харилцан зөвшилцсөний үндсэн дээр бусад байгууллага хувь хүнтэй хамтарч ажиллаж болно.
2. ЯМОХ-ын төлөөлөгчийг илгээж хамтын ажиллагааны хамрах хүрээ, дотоод зарчим, талуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгоно.
3. Зохион байгуулах хамтарсан комиссийг байгуулна.

Тодруулга:

1.Ямар нэгэн байгууллага хувь хүний зохион байгуулах гэж байгаа үйл ажиллагааны зорилго агуулга нь ЯМОХ-ын зорилгод нийцэж, дэмжиж хамтарч зохион байгуулах нь зөв гэж бүх гишүүдийн хурлаар шийдсэн тохиолдолд хамтарч ажиллах эх үүсвэр тавигдана.
2. ЯМОХ-ын хүлээсэн үүрэг хариуцлага нь бүх гишүүдэд адил хамаарна.
3. 2003 оны 5 сарын байдлаар ЯМОХ нь зөвхөн Япон дахь Монголын элчин сайдын яамтай хамтарч ажиллах гэрээ байгуулаад байна. 

IV.Үйл ажиллагаа 

1. ”Урам уулзалт” = Монгол оюутнууд хоорондын эрдэм, судалгааны уулзалт.
2. Оюутнууд хоорондын мэдээлэл солилцоог эрчимжүүлэх вэбхуудас.
3. Олон нийтийн арга хэмжээ, хөгжөөнт тэмцээнүүд.
4. Японы ард түмэнд Монголын зан заншил, соёлыг сурталчлах арга хэмжээ. 
5. Монголыг сонирхдог ба Монголд үйл ажиллагаа явуулдаг Японы байгууллагуудтай танилцах уулзалт, арга хэмжээ.
 

Засч найруулсан 2003.05.30